Цахим бүртгэл:70150222
Үсэг томруулах:
Эхлэл » Танилцуулга

Танилцуулга

Мэндчилгээ

president.jpg

Ард түмэн бол аливаа улсын жинхэнэ баялаг мөн. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн хамт олон бид 80 шахам жилийн туршид төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хором ч ажралгүй зогссоор ирлээ. Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд болон дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахыг манай хамт олон ямагт эрмэлзэж ирсэн билээ. Үйлчлүүлэгчид маань манай эмнэлэгт үйлчлүүлдэгээрээ бахархдаг, бид ч өөрийн эмнэлгээрээ бахархдаг нь дээрх эрмэлзэлд хүрэх гэж ахмад үеийнхэн болон бидний хийж бүтээсэн ажил, хөдөлмөрийн үр дүн юм. Гэхдээ бидэнд одоогийн байдалдаа оновчтой дүгнэлт хийх, сайн уламжлалаа бэхжүүлж, саарыг халж, өөрчлөлт шинэчлэлтийг зөв хийх туйлын шаардлага тулаад байна.

 

Энэ ажлын хүрээнд тус эмнэлэг нь Эрүүл мэндийн салбарт Олон Улсын Чанарын Удирлагын тогтолцоо ISO 9001-2008 стандартыг хэрэгжүүлсэн анхны эмнэлэг болж 2011 онд батламжаа гардан авсан билээ. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн, төрөлжсөн нарийн мэргэжлийн чанартай тусламж үзүүлэхийг зорин, бүтэц үйл ажиллагаанд шинэчлэл хийж, шинэ техник технологийг нэвтрүүлэх тал дээр идэвхитэй ажиллаж байна. Цаашид тус эмнэлгийн баазыг түшиглэн, Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах төслийн хүрээнд оношлогоо эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлсэн Олон Улсын хэмжээний Төв эмнэлэг болохоор идэвхитэй хөдөлмөрлөж байна.

 

Иргэн Та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, санаа бодлоо харамгүй ирүүлж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

Таныг хүндэтгэсэн

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн захирал,

Анагаах Ухааны Доктор

Г.Баясгалан

Түүхэн товчоо

Идэвхтний тасаг

1931 оны 5 сарын 18-ны өдөр, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 31 дүгээр хурал дээр ЭХЯ-ны сайд Д.Пунцагийн сонсголыг авч хэлэлцээд идэвхтэн гишүүдийг эмчлэх тусгай больниц байгуулах тухай шийдвэр гаргажээ. Ингэснээр 1931 оны 11 сарын 1-нд тэр үеийн Төв эмнэлгийн дэргэд найман  ортой хоёр палат, үзлэгийн нэг  өрөөтэй, нэг эмчтэй тасаг нээн ажиллуулсан нь одоогийн Клиникийн II Нэгдсэн Эмнэлгийн анхны эх үүсвэр байсан юм. “Идэвхтний  тасаг” нь жилд дунджаар 100 орчим  хүнд үйлчлэж, 2200 ор хоног биелүүлж, давхардсан тоогоор 2400-3000 орчим хүнд амбулаторийн үзлэг  хийж   байжээ.

Сайд нарын эмнэлэг

1946 оноос идэвхтний тасгийг өргөтгөн "Сайд нарын эмнэлэг" гэж нэрлэн нарийн мэргэжлийн эм нар үзлэг хийдэг амбулатори бүхий бие даасан эмнэлэг болгон 25 ортойгоор одоогийн Төрийн Тусгай Албаны Хаагчдын Эмнэлгийн байранд байгуулж нам, төрийн зүтгэлтэн, ардын хувьсгалын партизан, гадаадаас тус улсад суугаа дипломат албаны хүмүүст үйлчилж байжээ. БНМАУ ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 365 тогтоолоор тус эмнэлгийг Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газрын харъяанд шилжүүлж, 30 ортой, 7 их эмчтэй, бүгд 68 орон тоотой, 800000 орчим төгрөгний төсөвтэй, жилд дунджаар амбулаторийн үзлэг 3500 хүнд хийж, 13000 ор хоног ашигладаг, 6500 орчим хүн амыг хамран үйлчлэх болгон өргөтгөсөн байна.

Улсын Нэгдсэн Тусгай Эмнэлэг

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Чехословак улсын тусламжтайгаар орчин үеийн багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон 110 ортой төрөл бүрийн 12 кабинет, нэгдсэн лаборатори, эмчилгээний тусгай тасгуудтай, поликлиник бүхий нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж 1960 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ашиглалтанд оруулсан нь тус эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, томоохон эмнэлгийн хэмжээнд хүргэсэн юм. 1965 онд Хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд оржээ. 1975 оны байдлаар тус эмнэлэг нь 150 ортой үүнээс хүүхдийн ор 50, үндсэн 7 тасагтай, бүгд 283 орон тоотой, жилд 4,3 сая төгрөгний төсөвтэй, 34000 ор хоног ашиглаж, амбулаторийн үзлэг 106,8 мянгыг хийж, 10000 гаруй хүн амыг хамран үйлчилдэг байв. 1981 онд 50 ортой Дотрын 2-р тасгийн барилга болон захиргаа, аж ахуйн барилга ашиглалтад орж иж бүрэн тохижилттой томоохон эмнэлэг болон өргөжжээ.

Клиникийн II Нэгдсэн Эмнэлэг

1991 оноос  үйлчлэх хүрээгээ тэлж, үндсэн үйлчлүүлэгчид дээрээ Говийн 4 аймаг  Баянзүрх   дүүргийн   иргэдэд  эмнэлгийн  тусламж  үзүүлэх болсон бөгөөд Клиникийн II  нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ. 1999-2000 онд тус эмнэлэг нь Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь эмнэлгийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Тухайлбал, Компьютер Томограммын шинжилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн.

 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

2013 оноос

Бидний давуу тал

- Он удаан жил хэвшсэн үйлчлэгчээ дээдлэх соёлтой

- Нарийн мэргэшсэн өндөр ур чадвартай хүний нөөцийн чадавхитай

- Орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй

- Клиникийн нарийн мэргэжлийн болон өрхийн мэргэжлийн холимог бүтэцтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн бүх мэргэжлийн чиглэлийг өөртөө багтаасан нөөцтэй

- Эмнэлгийн түргэн тусламжийг бие дааж зохион байгуулах автопарк түргэн тусламжийн албатай

- Байршил, имидж хувьд зах зээлийн марктенгийн боломжтой зарим нарийн мэргэжлийн болон мэргэшлийн, эрдэм шинжилгээний бааз болох боломжтой

- Гадаад харилцааг хөгжүүлэх боломжтой. Япон, Тайван, ОХУ, Хятад, Солонгос, АНУ-ын эмнэлгийн байгууллагуудтай хийсэн гэрээтэй

- Мэдээллийн тогтолцоо нь өвчтний тухай болон анагаах ухааны мэдээллийг хүлээн авах, цацах, түргэн тусламжийн дуудлагын холбоо, радио станц, дотуур холбооны шугам, радио зангилаа, автомат удирдлагын болон компьютерийн дотоод сүлжээ, интернетийн сувагтай.

Алсын хараа

Олон улсын жишигт хүрсэн загвар эмнэлэг болно.

 

Уриа

Хүний төлөө

Хүчирхэг баг

 

Эрхэм Зорилго

Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг өндөр мэдлэг, чадвар бүхий эмч, мэргэжилтнүүд дэвшилтэт технологид тургуурлан үзүүлж үйлчүүлэгчдийнхээ амьдралын чанарыг сайжруулна.

 

Байгууллагын бүтэц

2009 оны байдлаар тус эмнэлэг нь 4 алба, эмчилгээ үйлчилгээний 15 тасагт нийт 410 ажилтантай ажиллаж байна. Үүнээс

  • Их эмч - 76
  • Эм зүйч - 6
  • Сувилагч - 148
  • Бусад ажилтан – 180 байна

hamt_olon.jpg

 

Үйл ажиллагааны чиглэл

КНIIЭ нь “Сайд нарын”, “Тусгай” гэсэн нэрээ 1990-ээд оноос гээсэн хэдий ч үйлчилгээний хүрээний хүн амыг харахад энэхүү тусгай гэсэн тодотгол хадгалагдсаар байна.Тус эмнэлэг нь Эрүүл Мэндийн Сайдын 2008 оны 176 дугаар тушаалын дагуу төрийн тодорхой хүрээний албан тушаалтнууд, МУ-ын ерөнхийлөгчдийн зарлигаар олгогдсон гавъяа шагналтнууд зэрэг тусгайлан нэр заасан хүн ам (18000 орчим) эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Сүхбаатар Дүүргийн иргэдийн яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын албыг хариуцдаг.

Сургалт, Эрдэм шинжилгээ

Манай эмнэлгийн нийт эмч нарын 61 хувь нь эмчийн ба эрдмийн зэрэгтэй, сувилахуйн мэргэжилтний 32 хувь бакалавар болон сувилагчийн зэрэгтэй байна. 37 жмилийн турш эмч, сувилагч нарын онол практикийн хурлыг жилд удаа хийж, бүтээлийг нэгтгэн дугаарлан хэвлүүлдэг.
Дотрын Өвчин судлалын чиглэлээр Мэргэжил олгох резидентурын сургалт явуулж байна.

Хамтын ажиллагаа

Манай эмнэлэг нь дараах олон улсын болон гадаадын байгууллагуудтай гэрээний үндсэн дээр хөтөлбөр сургалтуудыг хэрэгжүүлж байна.

2000 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн 80% нь шинэчлэгдсэн.

Байгууллагын хэмжээнд Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлэн Олон улсын ISO 9001 2000-ийн стандартыг хангах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөл нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр хийгдэж байна.

japan_1.jpg japan_2.jpg japan_3.jpg

Зарлал
Цагийн хуваарь
Ажлын өдөр: 8:20 ~ 16:20
Амралтын өдөр: Амарна
Өдөрт үйлчилүүлдэг хүний тоо: 700
Манай хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзvрх дvvрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр
Утас: 70150308, 70150235, 70150234
Факс: 70150200
И-мэйл: sh_mikah@yahoo.com
Байршил

Томоор харах
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. 2011 он 2-р эмнэлэг.Web designed & Developed by Mugenlink Co,. Ltd